АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих үе шаттай хөтөлбөрийн хүрээнд “BetterMind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран өнөөдөр (2026.11.17) “Ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд удирдах ажилтнуудад “Баг удирдах үеийн сэтгэл зүй”, нийт ажилтнуудад “Эрүүл мэндийн зөв дадал, зуршил, стресс ба нойрны менежмент” сэдвээр сургалт зохион байгуулж, стресс, сэтгэл түгшилт, ажлын ачаалал, нойр, ядаргааны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.
Өдөрлөгийн үеэр ажилтнуудын эрүүл мэндийн байдлыг үнэлэх зорилгоор Max Pulse аппаратаар нойргүйдэл, биеийн ядаргаа, стресс даах чадвар, биеийн тэнцвэр, мэдрэлийн системийн үйл ажиллагаа зэрэг үзүүлэлтүүдийг хэмжиж, үр дүнг эмчийн тайлбар, зөвлөгөөний хамт хүргэв.
Түүнчлэн сэтгэл зүйн ачааллыг бууруулах, өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 12–15 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийн арт терапийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Хөтөлбөрийн үр дүнд цаашдын сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэгийн хэрэгцээг тодорхойлж, ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих дараагийн шатны үйл ажиллагааг төлөвлөх юм.







