АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гангийн үйлдвэрийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга Халзан овогтой Баярсайханыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр (2026.11.03) гардуулан өглөө.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн туслах Ган хайлагчаар 1993 оны 10 дугаар сараас ажиллаж эхэлснээс хойш одоог хүртэл тасралтгүй 33 дахь жилдээ тус үйлдвэрт ажиллаж байгаа Гангийн үйлдвэрийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга Х.Баярсайханыг эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан хэмээн үнэлж “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулан өглөө.
Х.Баярсайхан нь Хайлахын технологич ижненерийн албан тушаалтай ажиллах хугацаанд цехийн тоног төхөөрөмжүүдэд гарсан гэмтэл саатлыг бууруулах ажилд онцгой анхаарч, холбогдох нэгж хэсгүүдийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай хамтран төлөвлөгөө гаргаж гүйцэтгэлийг баталгаажуулж ажилласнаар бодитоор үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа нэмэгдэж, гэмтэл саатлын тоо буурч, импортоор авч ашигладаг өндөр үнэтэй феррохайлшуудад хэмнэлттэй зарцуулалт хийгдэх, галд тэсвэртэй тоосго болон нунтгуудын ашиглалтыг нэмэгдүүлсэн, мөн нэг шөнийн үйлдвэрлэлд шингэн ганг цутгахдаа 2 завсрын шанага ашигладаг байсныг технологийн сайжруулалт хийж 1 завсрын шанагаар 9 удаагийн хайлалтыг тасралтгүй цутгасан зэрэг эдийн засгийн өндөр үр ашигтай алхмыг санаачлан хийсэн юм.
Мөн цехийн эцсийн бүтээгдэхүүн болох бэлдцийн хөндлөн огтлолын талбай 115х115 мм байсныг олон удаагийн туршилт судалгаа хийсний үр дүнд хөндлөн огтлолын талбайг 130х130 мм болгож өөрчилсөн нь бүтээгдэхүүний нэр төрөл болон гарцыг нэмэгдүүлсэн.
Тэрээр Монгол Улсад анх удаа ган бэлдэц үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагад шанаган зуухны иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулах төслийг 2017 оноос эхлүүлж, улмаар 2018 оны нэгдүгээр улиралд, тасралтгүй цутгах машины хэсэгт, 2019 оны 06 дугаар сард цахилгаан соронзон хуйлруулагч бүхий талсжуулагчийг суурилуулж тус тус ашиглалтад оруулсан зэрэг компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, туршлагаа зориулан ажиллаж байгаа манай тэргүүний ажилтнуудын нэг юм.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Баярсайхан нь 2022 оноос одоог хүртэл цехийн хэмжээнд Бүтээмж-чанарын дугуйлангийн “Хамтын хүч” багийг өөрийн санаачилгаар үүсгэн байгуулж мэргэжлийн хүрээнд байгууллагын өртөг зардал бууруулах зорилгоор тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Түүний үүсгэн байгуулсан “Хамтын хүч” чанарын дугуйлангийнхан 2024 оны үзүүлэлтээр 1.8 тэрбум төгрөгийн бодитой хэмнэлтийг хийсэн.
Гангийн үйлдвэрийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн хамт олон 33 жилийн хугацаанд 48141 удаагийн хайлалт, цутгалт хийж 1,203,525 мянган тонн бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Х.Баярсайханы удирдан зохион байгуулах арга, санаачилга, идэвх зүтгэл чухал нөлөө үзүүлсэн юм.


