МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-Д АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр (2026.11.03) “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гангийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улс гангийн хэрэгцээгээ дотооддоо хангахад ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олны хичээл зүтгэл, үүрэг оролцоо чухал гэдгийг онцолж, “Гангийн цогцолбор” байгуулах төслийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн албан томилолтын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх компанийн үйл ажиллагааг танилцуулав. Тэрбээр, “Манай компани уул уурхай, гангийн үйлдвэрлэл гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд уулын ажлын хөрс хуулалтын хэмжээг 2.4 сая м³, хүдэр олборлолтын хэмжээг 3.7 сая тонн, баяжмал үйлдвэрлэлтийг 2.4 сая тонн хүргэж ажиллана. Энэ онд татварын дараах цэвэр ашгийн төлөвлөгөөгөө 9.9 тэрбум төгрөг буюу 19.6 хувиар давуулан, 60.3 тэрбум төгрөгт хүргэх нөхцөлийг бүрдүүлээд байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь улс орны эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, улсын төсвийн орлого болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 2024-2026 онд Үндэсний баялгийн санд 83.0 тэрбум төгрөг, улс, орон нутгийн төсөв, татвар хураамжид 439.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын төгсгөлд Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн үйл явцыг шуурхайлж, ган бүтээгдэхүүний дотоодын хэрэглээг хангах, байгалийн баялгаа шууд экспортолдог бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох зорилтыг хангахад анхаарлаа түлхүү хандуулж ажиллахыг онцоллоо.



