Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт боллоо
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Авлигатай тэмцэх газартай хамтран авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 6 дугаар сарын 10-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Сургалтад байгууллагын удирдах албан тушаалтнууд, цех, албадын дарга нар, инженер техникийн ажилтнууд зэрэг нийт 200 ажилтан, албан хаагч хамрагдлаа.
Сургалтын хүрээнд “Авлигын ойлголт, хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “Ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг” сэдвээр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссарууд мэдээлэл өгч, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, мөрдөн шалгах ажиллагааны практик, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
