Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий Эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай 7 төрлийн 9 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр /2026.08.10/ хүлээлгэн өгч, ашиглалтад орууллаа.
Үүнд хүүхдийн компьютер томографийн аппарат-1, хүүхдийн дуран-1, рентген хоолой-1, дижитал рентген аппарат-1, гемодиализийн аппарат-2, гемодиализийн зөөврийн усны аппарат-1, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат-2 ширхэг тус тус багтаж байна.
Энэхүү хөрөнгө оруулалт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Дархан-Уул аймаг төдийгүй төвийн бүсийн иргэд Улаанбаатар хотыг зорьж, өндөр зардал, цаг хугацаа зарцуулан оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагыг бодитоор бууруулах юм.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд нийгмийн хариуцлагын хүрээнд 3.1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар 2.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна Дархан-Уул аймгийн Хонгор суманд мини хөл бөмбөгийн талбай байгуулах, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн инженерийн хөтөлбөрийг дэмжих, сагсан бөмбөг, волейбол, шайбтай хоккейн багуудтай хамтран ажиллах зэрэг олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

