Эрүүл мэндийн хугацаат үзлэг эхэллээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, өвчнийг эрт илрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах зорилгоор эрүүл мэндийн хугацаат үзлэгийг эхлүүллээ.
Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн зөвлөх С.Эрдэнээ тэргүүтэй АУ-ы доктор, профессор, зөвлөх болон ахлах зэрэгтэй тэргүүлэх эмч нарын бүрэлдэхүүн ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч ажиллаж байна.
Үзлэгт мэдрэл, дотоод шүүрэл, зүрх судас, чих хамар хоолой, нүд, урологи-андрологи, мэс засал, сэтгэц, мэргэжлээс шалтгаалах өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо болон 5 төрлийн лабораторийн шинжилгээг хийж байна.

