Анх удаа 2025 оны төрийн өмчит топ-10 ААН-ийн зургаадугаарт эрэмбэлэгдлээ
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2026.06.15/ Төрийн ордонд болж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа ТОП-10 компанийн нэгээр шалгарч, 6 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
Энэхүү амжилт нь компанийн хамт олон, ажилтан албан хаагчдын хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар, бүтээлч хөдөлмөрийн үр дүн бөгөөд манай байгууллагын хөгжил дэвшлийн шинэ хуудсыг нээж буй түүхэн үйл явдал болж байна.
Бид 2025 онд үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжээ нэмэгдүүлж, 593 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 246.6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 72.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар түүхэн дээд амжилт тогтоосон билээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд “Чингис хаан” Үндэсний баялгийн санд нийт 75.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, уул уурхайн үр өгөөжийг иргэн бүрт хүртээх, үндэсний баялгийг арвижуулах, улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад бодит хувь нэмрээ оруулжээ.
Хамтдаа үнэ цэнийг бүтээлцэж буй 1,600 гаруй ажилтан, албан хаагчид, уурхайчид, хамтрагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.


