Уулын үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангаж, ордын нөөцийг үр ашигтай, бүтээмжтэй олборлон боловсруулалтын үйл ажиллагааг эдийн засгийн үр өгөөжтэй байгаль орчинд ээлтэй явуулж, хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэн зохион байгуулж ажиллахын тулд дараах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Хайгуулын ажлыг олон улсын жишгийн дагуу оновчтой хийх
- Төмөртэйн уурхайн орчимд гидрогеологи, геотехникийн цогц судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд хийлгэх
- Эдийн засгийн хувьд үр ашигтай үйлдвэрлэл явуулах
- Боловсон хүчний цогц бодлого хэрэгжүүлэх
Төмөртолгойн уурхайн нь дэд бүтэц хөгжсөн газар байрладаг. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрээс тус уурхай хүртэл 28 км сайжруулсан замаар холбогдсон. Манай улсын хойд хил хүртэл тавигдсан хатуу хучилттай зам нь ордоос баруун зүгт 17км зайтай өнгөрдөг байна. Түүнчлэн Улаанбаатар-Сүхбаатарын төмөр зам ордоос баруун тийш 20км, Дархан хотоос Шарын голын нүүрсний уурхай руу явсан төмөр замын салаа зам ордоос хойш 8км зайд тус тус өнгөрдөг. Төмөртолгойн хүдрийн уурхай нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутагт оршдог. 7 хүдрийн биетээс тогтоно.
Тусгай зөвшөөрлийн дугаар MV-010738, лицензийн талбайн хэмжээ 424га. Геологи хайгуулын 332-р анги нь Металлургийн үйлдвэрийг түүхий эдээр хангах, эрдэс баялгийг нээн илрүүлэх зорилготой ажилласан бөгөөд энэ ажлын хүрээнд 1960 оны 4-р сараас 1962 оны 6-р сарын хооронд Төмөртолгойн ордыг нээн илрүүлж эрдэнэсийн санд бүртгүүлсэн. Төмөртолгойн уурхайг 2009 оны 08-р сарын 17-ны өдөр нээж ил уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн.
Төмөртолгойн уурхай нь ил уурхай, хуурай соронзон баяжуулах үйлдвэр, засварын төв зэрэг нэгж хэсгүүдээс бүрдэх бөгөөд жилд 2 сая.тн төмрийн хүдэр олборлож, 2 сая.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Бид орчин үеийн өндөр, хүчин чадлын техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглан 460-иад хүний бүрэлдэхүүнтэйгээр 20/10 ээлжийн хуваарьтай ажиллаж байна.
Төмөртолгойн уурхайн баяжуулах үйлдвэр №1 нь Герман болон БНХАУ-ын хамтарсан SANME фирмийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, цагт 500 тн хүдэр, жилд 2.0 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Баяжуулах үйлдвэр нь хүдрийг 3 шатлалын бутлалтаар буталж 0-(10) мм; +10-(40) мм гэсэн ширхэглэлээр ангилж, 2 шатны соронзон ангилагчаар ялган баяжуулж байна.