Ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих бодлого

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхааран ажилладаг. Энэ хүрээнд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хэлтсийн Эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх хэсэг нь их эмч, эрүүл ахуйч, бага эмч, хөдөлмөрийн эрүүл мэндийн сувилагч зэрэг нийт 14 мэргэжилтэнтэйгээр ажиллаж байна.

Тус хэсэг нь компанийн ажилтнуудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхээс гадна мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хурц хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Витаминжуулалт, дархлаажуулалт

Ажилтнуудын дархлааг дэмжих зорилгоор жил бүр витаминжуулалтын аяныг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Immune System, OMEGA-3, Vitamin D3, Vitamin E, Vitamin C, цайр зэрэг бүтээгдэхүүнийг ажилтнуудад түгээсэн.

Мөн томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс томуугийн вакцинд хамруулсан нь халдвар тархах эрсдэлийг бууруулах, ажилтнуудын хөдөлмөрийн чадвар түр алдалтыг багасгах үр дүнтэй юм.

Хүнд нөхцөлд ажиллаж буй ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгоор 1330 ажилтанд зориулан артешок, хар саримсны бэлдмэл, Жанчивлан рашаан тогтмол олгож байна. Энэ нь тэдний биеийн эсэргүүцлийг сайжруулж, хорт бодисын хуримтлалыг багасгах ач холбогдолтой юм.

Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо

Ажилтнуудын дунд зонхилон тохиолдох ердийн болон халдварт бус өвчнүүд, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 340-р тушаалын дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог жил бүр тогтмол зохион байгуулж байна. Ажил олгогчийн үүргийн хүрээнд гэнэтийн ослын даатгалд нийт ажилтнаа хамрууллаа.

2024 онд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, үйлдвэрлэлийн орчинд нөлөөлж болзошгүй хими, физик, биологийн хортой хүчин зүйлс, сэтгэлзүй, физиологийн сөрөг нөлөөллийг тодорхойлсон. Үүний үр дүнд хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартыг чанд мөрдөж, ажилтнуудынхаа аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч байна.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлснээр ажиллах таатай орчныг бүрдүүлж байна.

Эрүүл мэнд