“Монгол ган цогцолбор I” төсөл
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх “Монгол ган цогцолбор I” төслийн гол зорилго нь эх орны төмрийн хүдрээс эцсийн шатны ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийг хангахад оршино. Энэхүү төсөл нь үндсэндээ “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийн үргэлжлэл юм.
Цогцолбор үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүн
“Монгол ган” цогцолбор I төсөл нь жилд 350,000 тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд Монгол Улсын дотоодын зах зээлийн хэрэгцээний 50 дээш хувийг хангах зорилготой. Төслийн бүтээн байгуулалтыг 2022 оноос эхлүүлж, 2026 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн.
Төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол
“Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлсэнээр эх орны төмрийн хүдрээс импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн шатны ган цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын эрэлт хэрэгцээг хангах төдийгүй улс, орон нутаг, нийгэмд дараах ач холбогдолтой. Үүнд:
- Орон нутагт шинээр 1600 орчим шууд ажлын байр бий болгох;
- Орон нутагт шууд бус ажлын байр бий болох нөхцлийг бүрдүүлэх;
- Улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх;
- Бусад төрлийн үйлдвэрлэл кластер хэлбэрээр хөгжих;
- Барилгын өртөг зардлыг бууруулах, үнэ тогтворжуулахад хувь нэмрийг оруулах;
Төсөл хэрэгжсэнээр шинэ ганийн үйлдвэрийн цогцолборт 1600 орчим шууд ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарсан бөгөөд шинэ үйлдвэрийн ажиллах хүчинг бэлтгэх асуудлыг төрийн боловсролын байгууллагын дэмжлэг, оролцоотойгоор шийдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн шууд ажлын байрнаас гадна төслийн бүтээн байгуулалт болон төсөл хэрэгжсэний дараагийн үеийн туслан гүйцэтгэл, ханган нийлүүлэлт зэрэгтэй холбоотой шууд бус ажлын байрууд ихээхэн нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
Төмрийн хүдрийг эрдэс баялагын боловсруулалтын бүхий л шат дамжлагаар оруулж боловсруулдаг болсоноор импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс, орон нутагт төвлөрүүлэх татварын орлогыг үлэмж нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн амжиргааны түвшинг сайжруулахад үнэтэй хувь нэмрийг оруулна.
Шинэ гангийн үйлдвэрийг дагаж бусад жижиг, дунд үйлдвэрүүдийн кластер хөгжих боломж бүрдэх бөгөөд эдгээр үйлдвэрт ширмэн цутгуурын үйлдвэр, төмөр утсан хийц (хадаас, тор, хашаа г.м) металл боловсруулах, зормол эд анги, давтмал эд анги хийх үйлдвэр, боловсруулсан шаарыг авто зам ба цементийн үйлдвэрт ашиглах, гипсээр хавтан хийдэг үйлдвэрүүд багтана. Өөрөөр хэлбэл эдгээр төрлийн үйлдвэрлэл дагаж хөгжих боломжтой болно. Мөн барилга ба өндөр хүчдэлийн тулгуурын металл хийцийн үйлдвэрүүд ч хөгжих боломжтой.
“Монгол ган цогцолбор I” төслийн бас нэг чухал зорилт нь ижил төстэй импортын ган бүтээгдэхүүнээс илүү хямд өртөг зардлаар эцсийн ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж, барилгын нэгж өртөг зардлыг бууруулахад хувь нэмрийг оруулах явдал юм.