Хуст-Уулын төмрийн хүдрийн уурхай нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах ба Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн урагш 25 км-т, Улаанбаатар хотоос хойд зүгт 330 км-т, Дархан хотоос зүүн хойд зүгт 110 км-т оршино. Дулаанхаан, Хуст-Уулын төмрийн хүдрийн орд нь сайжруулсан авто замаар холбогдоно.

Төмөр зам нь Хуст-Уулын уурхайгаас хойд зүгт 10 км-ийн зайтай, урд зүгт 3 км орчим зайд Бугантын тосгон хүрэх сайжруулсан шороон зам өнгөрөх ба Баянголын уурхай, Бугант тосгон хүртэл тавьсан өндөр хүчдлийн шугам өнгөрдөг. Тусгай зөвшөөрлийн дугаар MV-013815, лицензийн талбайн хэмжээ 39га.

1979-1980 онуудад Баянголын бүсэд (Ж.Цэнд-Аюуш) ерөнхий эрлийн ажил явуулах үеэр Хуст уулын төмрийн илэрцэд анх удаагаа геологийн судалгааны ажлыг хийж, 1989-1991 онуудад Төмөртэйн нарийвчилсан хайгуулын ажлыг явуулах үедээ (Н.Хүдэрбат) Хуст-Уулын төмрийн хүдрийн илэрцэд эрэл-үнэлгээний ажил явуулж, Хуст уулын төмрийн илэрцийг орд болгон тогтоосон.

Хуст-Уулын төмрийн хүдрийн ордод 2010 онд нарийвчилсан геологи хайгуулын ажлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Тус ордод 2011 онд Уул Уурхайн Төсөл Судалгааны төв ТЭЗҮ-гээр 1 сая/тн хүдэр олборлох тусгасан ч одоогоор төсөл хэрэгжээгүй байна.

Хуст-Уулын уурхай