ТӨМӨРТЭЙН УУРХАЙ
Төмөртэйн төмрийн орд нь төмөр болон авто замаар Улаанбаатар хоттой Дархан хотыг дайрсан замуудаар холбогдоно. Дархан, Улаанбаатар хотууд нь хоорондоо 230 км зайтай төмөр болон засмал замаар холбогддог. Дархан-Уул аймаг хүртэл 130 км зайтай. Улаанбаатар-Сүхбаатарын засмал зам нь ордоос 80-85 км зайд өнгөрнө. Төмөртэйн уурхай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагааны 2-р багийн нутагт оршдог. Тусгай зөвшөөрлийн дугаар MV-013319, лицензийн талбайн хэмжээ 1200 га.
Төмөртэйн төмрийн ордын хүдрийн биетийг зүүн хэсэг, баруун хэсэг гэсэн хэсгүүдэд хуваасан ба хүдрийн биетүүд нь нэг хүдрийн бүсэд хамаарагдах ба өөр хоорондоо 2.0-2.5км зайтай оршино.
Ордын районы геологийн судалгааг Ю.П.Ершов (1962), Б.Жамба (1968-69) нарын геологийн зураглалын ажлаар тодорхойлогдон улмаар 1969 онд гүйцэтгэсэн агаарын соронзон зураглал, эрэл-шалгалтын ажлаар үнэлэгдэн, 1979-1984 онуудад ерөнхий эрэл, эрэл-үнэлгээ, урьдчилсан хайгуулын ажлуудаар нарийвчлагдан судлагдаж 1990-92 онд нарийвчилсан хайгуулын ажлаар баталгаажуулагдан тогтоогдсон. Төмөртэйн уурхайг 2010 оны 9-р сарын 23-ны өдөр нээж ил уурхайн олборлолтын ажлыг эхлүүлсэн.
Төмөртэйн уурхай нь ил уурхай, хуурай соронзон баяжуулах үйлдвэр, засварын төв, ажилчдын тосгон, дэд станц зэрэг нэгж хэсгүүдээс бүрдэх бөгөөд жилд 2 сая.тн төмрийн хүдэр олборлож, 2 сая.тн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Бид орчин үеийн өндөр, хүчин чадлын техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглан 490-иад хүний бүрэлдэхүүнтэйгээр 14/14 ээлжийн хуваарьтай ажиллаж байна.
- Төмөртэй уурхай нь 2014 оны 07 сарын 01-нээс төмрийн хүдэр хуурай соронзон аргаар баяжуулж эхэлсэн.
- Уг үйлдвэр нь АНУ-ын TRIO брэндийн 750 тн/цагийн хүчин чадалтай.