“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь металлыг даралтаар боловсруулах, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэгдэн байгуулагдсан Монгол Улсын металлургийн салбарын анхдагч болоод хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Тус компани нь 33 хэлтэс, алба, цехтэй, нийт 1530 ажилчинтай, орон нутгийн хамгийн том ажил олгогч компанид тооцогддог. Олон улсын болон үндэсний ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 170205:2007) стандартын шаардлага хангасан, уул уурхай, металлургийн төрөлжсөн өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лаборатортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь ажилчдын эрүүл байх, аюулгүй орчинд ажиллах эрх зүйн заалтыг мөрдөх явдлыг үйлдвэрлэлд төдийгүй хүний хүчин зүйлийн хүрээнд жигд хангаж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн тэргүүнд” гэсэн зарчмыг эрхэмлэн Монгол Улсын ХАБЭА-н холбогдох хууль, дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд материал, түүхий эдийн хяналт, үндсэн үйлдвэрлэл, технологийн шат дамжлагын хяналт, худалдан борлуулах, хадгалах бүхий л үе шатанд чанарын удирдлагын хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажилладаг.
Гангийн үйлдвэр
Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ба Япон улсын “Ниссэй”, “Мицубиши” зэрэг компанийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр юм.
Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, дотоодын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор 2017 онд жилд 25,000 тонн давтмал ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай, ХБНГУ, Итали улсын тоног төхөөрөмж бүхий ган бөмбөлгийн давтах аргын үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.
Төмөртолгойн уурхай
Манай компанийн анхны уурхай болох Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхай нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 28 км зайд оршдог. Тус орд нь 25 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй.
Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхай нь жилд 2 сая тонн 42-45% Fe агуулгатай хүдэр олборлож, АНУ, ХБНГУ, БНХАУ зэрэг улсын уул уурхайн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон хуурай соронзон аргын үйлдвэрт боловсруулан 1.3 сая тонн 0-10 мм, 10-40 мм ширхэглэлтэй, 55-58% Fe агуулгатай бүхэл болон нунтаг баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай
Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхай нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 130 км зайд оршдог. Тус орд нь 229.3 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Монгол Улсын стратегийн орд юм.
Мөн тус ордын зүүн хэсгийн зүүн биетэд 2014 оны 10-р сараас ил уурхайг байгуулан ашиглаж эхэлсэн. Төмөртэйн зүүн хэсгийн баруун болон зүүн уурхайнууд нь жилд нийт 2 сая тонн хүдэр олборлож, АНУ-ын уул уурхайн боловсруулах үйлдвэрийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон хуурай соронзон аргын үйлдвэрт боловсруулан, 1.3 сая тонн 0-10 мм, 10-40 мм ширхэглэлтэй, 58-62% Fe агуулгатай бүхэл болон нунтаг баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.