09 Jul, 24

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал томилогдлоо.

adminМэдээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А\95 дугаар тушаалаар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Б.Чагнаадорж нь “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал болон “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харъяа үйлдвэрийн газарт захирлаар ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд шилжин томилогдсон байна.

Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь “Монгол улсын Уул уурхайн төрийн өмчит компаниудыг нэгтгэж Үндэсний баялгийн сан байгуулж, хуримтлалыг ард иргэддээ тэгш хүртээх зорилт тавьж буй Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг нэн чухал”… гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн компанийн ашигт ажиллагаа, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд инноваци, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, Төмөртэйн төмрийн хүдрийн ордын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн улмаар хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, экспортод гарах бүтээгдэхүүний ил тод нээлттэй биржийн арилжааг идэвхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, дэд бүтэц, ложистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Гүйцэтгэх захирал үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.