Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, удирдах ажилтнууд өнөөдөр \2023.08.08\“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа. Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагууд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, компанийн 2023 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонслоо.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2023 оны эхний хагас жилд 18,589 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж Гангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 103%-иар биелүүлсэн бол 601,552 тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө 93,6% гүйцэтгэлээ. Эхний хагас жилийн байдлаар компанийн татварын дараах цэвэр ашиг 12,2 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Тайланд үйл ажиллагаандаа нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр удирдах хороо, багийн гишүүдийг томилон төлөвлөгөө гарган ажиллаж байгааг танилцуулж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан 144 ажлаас 109 ажил хийгдсэн буюу 76%-ийн биелэлттэй, Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 ажил төлөвлөснөөс 18 ажил хийгдсэн 86%-ийн биелэлттэй байгааг Нэгдлийн удирдлагуудад танилцууллаа.
2023 оны эхний хагас жилийн хугацаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь үйлдвэрлэлийн осолгүй, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлгүй үйл ажиллагаа явууллаа. Мөн үйлдвэрлэлийн бүхий л шатанд түүхий эд материалын орц нормыг хэмнэж, технологи үйл ажиллагааны сайжруулалт хийн ажиллаж байгаагийн үр дүнд зөвхөн Бэлдэц үйлдвэрлэх цехэд гэхэд түүхий эд материалаас 1,9 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийж чадлаа.
Сүүлийн хагас жилд уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд 1,5 сая тонн гаруй хөрс хуулалт хийж, 940 мянган тонн хүдэр олборлолт хийхээр төлөвлөж байна. Гангийн үйлдвэрийн тухайд сүүлийн хагас жилд 14,400 тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж 15,408 тонн хаягдал төмөр боловсруулан, 15,500 гаруй бэлдэц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.