НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, баталгаажуулсантай холбогдуулан тогтолцооны хэрэгжилтийг байгууллагын бүх түвшинд бэхжүүлэх, тасралтгүй сайжруулах зорилгоор хоёр өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад 26 дотоод аудитор, стандарт сайжруулалтын 33 ажилтан хамрагдаж, нэгдсэн менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтийн хүрээнд өмнө эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бататгаж, цаашид стандартыг нэгж бүрд жигд, үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, сайн туршлага, загвар жишээнүүдтэй танилцав.
Мөн дотоод аудиторуудын дунд Нэгдсэн менежментийн тогтолцооны бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын хэрэгжилт, сайжруулалтын чиглэлээр санал солилцон, цаашдын үйл ажиллагаанд тусгах саналуудыг нэгтгэлээ.
Нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр байгууллагын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэж, чанар, аюулгүй ажиллагаа, байгаль орчны менежмент бэхжихийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэж, компанийн нэр хүнд олон улсын зах зээлд өсөх суурь болох юм.



