“МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас зохион байгуулж буй “Мэргэжил сурталчлах өдөрлөг” арга хэмжээ өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Залуучууд театрт болж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт 370 сурагч оролцов.
Арга хэмжээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК компани үйлдвэрийн үйл ажиллагаа болон уул уурхай, металлургийн салбарын мэргэжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт хэрэгцээ, ажлын байрны боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Уул уурхай, гангийн үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах инженер Ө.Даваадорж “Миний мэргэжил инженер” сэдвээр илтгэл тавьж, инженер мэргэжлийн үнэ цэн, хөгжлийн боломжийн талаар танилцуулсан бол Хөгжлийн хэлтсийн ахлах инженер Ж.Өлзийбадрах Гангийн цогцолбор төслийн явц, ач холбогдлын талаар танилцууллаа.






