УИХ-ЫН ГИШҮҮН, АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-Д АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг түшиглэн Ган боловсруулах үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаны төлөөллүүд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, Ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын төслийн явц, тулгамдаж буй асуудал, саналыг хэлэлцлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням төслийн явцыг эрчимжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, газрын асуудлыг шийдвэрлэх чиглэл өгч, яам, Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлын хүрээнд царцаад байсан орон сууцны төслийг ирэх намраас эхлүүлж буйг сайшаав.
Цаашид Төмөртэй ордны нөөцөд тулгуурлан Гангийн үйлдвэрлэлийг барьж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Тус үйлдвэрийг 2 үе шаттайгаар ашиглалтад оруулах ба 2028 он гэхэд эхний үе шатыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Жилд 1.0 сая тонны хүчин чадалтай үйлдвэр баригдсанаар 1000-2000 ажлын байр бий болж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 дахин нэмэгдэх, улсын төсөвт жилд 117,3 мян.ам доллар төвлөрүүлэх, дотоодын ган бүтээгдэхүүний үнэ 30 хувиар буурах боломж бүрдэж Монгол Улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх юм.




