БНСУ-ЫН “KIGAM” СУДАЛГААНЫ ИНСТИТУТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд БНСУ-тай чухал ашигт малтмалын судалгаа, геологи хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ хүрээнд чухал ашигт малтмалын геологи хайгуул, ховор металлын боловсруулалт, эрдэс баялгийн нөөц бүрдүүлэлт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “KOMIR” корпорацитай уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн БНСУ-ын “KIGAM” судалгааны институттэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг үзэглэлээ.
Түүнчлэн БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд 500 оюутныг инженерийн чиглэлээр суралцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэнэ. БНСУ-ын Чонбук их сургууль нь уурхайн тэсэлгээний судалгаа, ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дагнан мэргэжилтэн бэлтгэдэг юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк болон Korea Investment & Securities (Asia) ҮЦК-тай хамтарч Монгол Улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах зорилгоор хамтран ажиллах юм.
Энэхүү хамтын ажиллагааны дүнд Монгол Улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, мэргэжлийн инженерүүдийг БНСУ-д сургаж бэлтгэх, уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх боломж бүрдэж байгаа юм.





