БНСУ-ЫН ГАНГИЙН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭГЧ POSCO-ТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ЭХЛҮҮЛНЭ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын POSCO компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Э.Анх-Амгалан, Төв Азийн бүсийн бизнесийн зөвлөх Ли Бок Ёонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Тухайлбал хэрэгжүүлэхээр төлөвлөж буй гангийн үйлдвэрийн төслийн суурь болон нарийвчилсан судалгааны ажилд хамтран ажиллах, үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах асуудлыг онцлон хэлэлцэв.
Мөн уулзалтын үеэр орчин үеийн, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх,үйлдвэрлэлийн автоматжуулалт, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүд, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны боломжит хэлбэрүүд (стратегийн түншлэл, хамтарсан үйлдвэр, технологийн түншлэл гэх мэт) мэргэжилтэн солилцоо, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүд зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ. Уулзалтын дараа POSCO компанийн төлөөлөгчид Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн шугам, үйл ажиллагаа болон Төмөртолгой уурхайн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, түүхий эдийн нөөц, дэд бүтэц, цаашдын өргөтгөл шинэчлэлийн боломжийг судаллаа.
POSCO компани нь 1968 онд байгуулагдсан, БНСУ-ын хамгийн том ган үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд дэлхийн гангийн салбарт тэргүүлэгч компаниудын тоонд багтдаг. Жилд ойролцоогоор 40 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дэлхийн 10 гаруй улсад үйлдвэрлэл, боловсруулалтын төвүүдтэй.
Цаашид талууд судалгааны шатны хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан ашигтай урт хугацааны түншлэлийг хөгжүүлэхээр тохиролцов.



