Бүгд найрамдах энэтхэг улсын JSW гангийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлалаа
Ган үйлдвэрлэлийн салбарыг тэргүүлэгч дэлхийн топ 10 компанийн нэг БНЭУ-ын JSW steel Limited group-ийн “Dolvi works” компанитай манай улсад хэрэгжих “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Ган үйлдвэрлэл, технологийн чиглэлээр дэлхийд томоохон байр суурь эзэлдэг БНЭУ-ын JSW steel компанийн төлөөлөлтэй уулзаж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ажилтан албан хаагчдыг сургах, дадлагажуулах болон шинээр баригдах “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн үйл ажиллагааг хэрхэн зөв оновчтой төлөвлөх талаар уулзаж ярилцлаа.

Уулзалтын хүрээнд тус компанийн зүгээс мэргэжлийн зөвлөмж туслалцааг өгөхөд татгалзах зүйлгүй байгаагаа илэрхийлж, шинээр хэрэгжих “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн төлөвлөлт, судалгаа, технологийн сонголт зэрэгт хамтран ажиллах, цаашлаад ажилтан албан хаагч нарыг сургах, дадлагажуулах талаар хамтран ажиллахад боломжтой гэдгээ JSW Steel Limited компанийн “Dolvi works” салбарын захирал ноён Ashish Chandra илэрхийллээ.
Тус компанийн хувьд 10 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй бөгөөд 2027 онд хүчин чадлаа өргөтгөн 15 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд хамгийн бага талбайд зөв төлөвлөлт хийж ган үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг явуулж чадсан цорын ганц үйлдвэр гэдгээрээ онцлог байлаа.

