“Боловсрол нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн “Боловсролын зээлийн сан”-тай байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд ШУТИС-ийн ДаТИС-тай хамтран “Боловсрол нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, боловсролын санхүүжилтийн талаар мэдлэг олгох зорилготой юм.
Арга хэмжээг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Боловсролын зээлийн сан, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль (ДаТИС) хамтран зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутнууд идэвхтэй оролцлоо.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцогчдод “Ган үйлдвэрлэлийн төсөл”-ийн танилцуулга, тухайн салбарт ажиллах ирээдүйн мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага, карьерын боломжуудын талаарх мэдээллийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас, Сургалтын зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг “Боловсролын зээлийн сан”-гийн албанаас тус тус олгож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж харилцан яриа өрнүүллээ.
Энэхүү өдөрлөг нь боловсролын байгууллага, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа өгөх, санхүүгийн дэмжлэгийн боломжуудыг ойлгуулах чухал суурийг тавьсан арга хэмжээ болсон бөгөөд оролцогчдын зүгээс нэг дороос бодит мэдээлэл авах, асуулт асуух, мэргэжлийн зөвлөгөө авах боломжоор хангагдсан явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.





