2024 оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олон 2024 оны үйл ажиллагаагаа дүгнэн, ирэх оны төлөвлөгөөгөө ярилцаж ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний шилдэг ажилтнуудаа шалгаруулан баярын хурлаа хийлээ. Компанийн хамт олон 2024 онд Бизнес төлөвлөгөөнийхөө зорилтот түвшинг ханган ажиллаж, орлогоо өмнөх оноос 113 тэрбум төгрөгөөр, цэвэр ашгаа 6 тэрбум төгрөгөөр давуулсан төдийгүй өнгөрсөн онд улс орон нутгийн төсөвт 53 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Мөн хуримтлагдсан өр төлбөрөөсөө 10,5 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж, Үндэсний баялгийн санд энэ жил анх удаа Засгийн газрын ногдол ашиг болгож бүх ард түмэндээ 13,6 тэрбум төгрөгийг тушаасан төдийгүй Монгол улсын валютын нөөцийг бүрдүүлэхэд энэ онд 66,3 сая ам, доллар төвлөрүүлснээр нийт 106,9 сая долларыг Монгол банкинд төвлөрүүлж чаджээ.

Баярын хурлыг нээж Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж хэлсэн үгэндээ “Ирж буй 2025 оноо зорилго зорилт, их бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй угтаж байгаа манай хамт олон өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагааг ил тод олон нийтийн хяналттай, нээлттэй шилэн болгож хүндрэлтэй нөхцөл байдлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх тал дээр илүү төвлөрч ажиллалаа. Тухайлбал, экспортын тээврийг нэмэгдүүлэх, худалдах авах ажиллагааг шилэн нээлттэй болгох, санхүү бүртгэлийн шинэ системийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулж дижитал систем рүү шилжилт хийж эхэлсэн гэх мэт хийж хэрэгжүүлсэн тодорхой ажлуудыг дурьдаж болох юм. Богино хугацаанд хамтарч хичээсний үр дүнд бид үйл ажиллагаагаа тасалдуулалгүй бизнес төлөвлөгөөний зорилтот түвшнээ хангаж ажилласан үр дүн, амжилт бүтээлээ ийнхүү дүгнэж байна. Ирэх 2025 он бол бид бүхний өмнө том сорилт, том даалгавар, Монгол Улсын засгийн газрын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай ийм жил байх болно. Өнгөрч байгаа 2024 онд амжилт бүтээлээр дүүрэн байсан шиг ирэх онд илүү том зорилгын төлөө нэг зүгт хамтдаа харахыг би та бүхнээсээ хүсэж байна.” гэлээ. Энэ оны амжилт бүтээлээ дүгнэж, ирэх оны ажил үйлсээ төлөвлөсөн баярын хурлаар 2024 оны шилдэг ажилтнуудаа тодрууллаа.
Үүнд, Анхны хайлалт хийснээс хойш 45,976 удаагийн хайлалт, цутгалт хийж 1,160,342 тонн чанарын шаардлага хангасан бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараа манлайлан ажилласан. Бүтээмж чанарын дугуйлангийн “Онч шийдэл”, “Арван хуруу” багийн гишүүнээр ажиллаж түлшний зардлыг 15%-иар бууруулж, доторлогоонд хар массыг орлуулан хэрэглэж 55,6 сая төгрөгийн хэмнэлт гарган ажилласан тэргүүний Анхдагч мэргэжлийн ажилтны нэг Бэлдэц үйлдвэрлэх цехийн Гангийн үйлдвэрийн бэлтгэгч Батаагийн Самбууг ХҮНДЭТ АЖИЛТНААР,

Металлын болон Материалын шинжилгээний лабораторийн итгэмжлэл нь Ковидын цар тахлын шалтгааны улмаас 2019-2023 онд тасалдсан байсныг 2024 оны 1-р улиралд итгэмжлэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтэд хэлтсийн инженер техникийн ажилтан, ажиллагсдаа амжилттай удирдан зохион байгуулж “ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ” эрхээ авч, баяжмал хүдэр, ган бүтээгдэхүүний чанар стандартын шаардлагыг ханган, хяналт тавьж ажиллаж байгаа тэргүүний удирдах ажилтны нэг Үйлдвэрлэл Технологийн газрын Чанар хяналтын хэлтсийн дарга Балжиннямын Батбүрэнг ШИЛДЭГ МЕНЕЖЕРЭЭР,

Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажилд хамт олноо ахлан ажиллаж, санхүүгийн тайлан, балансыг тогтоосон хуулийн хугацаанд гарган тайлагнаж, санхүү, бүртгэлийн ажлыг сайжруулах, нягтлан бодогч, нярвуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй сургалт, зөвлөмжийг өгдөг манлайлагч санхүүчдийн нэг Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Ахлах нягтлан бодогч Түвдэндорж Уянгийг ОНЫ ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНЭЭР,

Компанийн дулаан хангамж, хүчилтөрөгч үйлдвэрлэлийн төлөвлөгөө нормыг тогтмол 100%-иас дээш давуулан биелүүлэхэд хариуцсан нэгжийн ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийж, бүтээмж өндөртэй, мэргэжлийн арга зүйгээр ханган, даралтат савны аюулгүй ажиллагааг, хэвийн найдвартай байдлыг хангаж ажилладаг тэргүүний инженер техникийн ажилтан Үйлдвэр шугам сүлжээний цехийн Технологийн инженер Пүрэвжавын Анхбаярыг ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНААР,

Компанийн дотоод сүлжээ, программ хангамжийн тасралтгүй байдлыг хангах, дотоод сүлжээний хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх, сервис шинээр суулгах зэрэг цахим мэдээлэл зүйн ажлыг мэргэжлийн ур чадвартай гүйцэтгэсэн ба үйлдвэрлэлийн нэгжид 49 камерыг шинээр суурилуулан, ашиглалтад оруулсан тэргүүний мэдээллийн технологийн инженер Мэдээлэл технологийн хэлтсийн Мэдээллийн технологийн ахлах инженер Энхбаатарын Алтангадасыг ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНААР,

Төмөртэй уурхайн Хүдэр сумын 93 ажилчид кемпэд байрлаж ажилладаг байсныг эдийн засгийн тооцоо судалгаа хийж, сумаас – уурхай, уурхайгаас сум руу сар бүр 38.3 сая төгрөгийн хэмнэлтийг гаргаж, уулын хэсгийн ажиллах хүч, машин механизмын сэлбэг, шатахуун, тос тосолгооны зарцуулалтад хяналт, шаардлагыг тогтмол тавьж ажилласнаар 1 м3 уулын цулын өртгийг 3,725 төгрөгөөр бууруулан ажилласан Санхүү, эдийн засгийн хэлтсийн Туслах тооцоочин Жаргалсайханы Ууганцэцэгийг ОНЫ ШИЛДЭГ ДЭД МЭРГЭЖИЛТНЭЭР,







