“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хамт олон 2024 оны үйл ажиллагаагаа дүгнэн, ирэх оны төлөвлөгөөгөө ярилцаж ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний шилдэг ажилтнуудаа шалгаруулан баярын хурлаа хийлээ. Компанийн хамт олон 2024 онд Бизнес төлөвлөгөөнийхөө зорилтот түвшинг ханган ажиллаж, орлогоо өмнөх оноос 113 тэрбум төгрөгөөр, цэвэр ашгаа 6 тэрбум төгрөгөөр давуулсан төдийгүй өнгөрсөн онд улс орон нутгийн төсөвт 53 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Мөн хуримтлагдсан өр төлбөрөөсөө 10,5 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж, Үндэсний баялгийн санд энэ жил анх удаа Засгийн газрын ногдол ашиг болгож бүх ард түмэндээ 13,6 тэрбум төгрөгийг тушаасан төдийгүй Монгол улсын валютын нөөцийг бүрдүүлэхэд энэ онд 66,3 сая ам, доллар төвлөрүүлснээр нийт 106,9 сая долларыг Монгол банкинд төвлөрүүлж чаджээ.
Баярын хурлыг нээж Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж хэлсэн үгэндээ “Ирж буй 2025 оноо зорилго зорилт, их бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй угтаж байгаа манай хамт олон өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагааг ил тод олон нийтийн хяналттай, нээлттэй шилэн болгож хүндрэлтэй нөхцөл байдлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх тал дээр илүү төвлөрч ажиллалаа. Тухайлбал, экспортын тээврийг нэмэгдүүлэх, худалдах авах ажиллагааг шилэн нээлттэй болгох, санхүү бүртгэлийн шинэ системийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулж дижитал систем рүү шилжилт хийж эхэлсэн гэх мэт хийж хэрэгжүүлсэн тодорхой ажлуудыг дурьдаж болох юм. Богино хугацаанд хамтарч хичээсний үр дүнд бид үйл ажиллагаагаа тасалдуулалгүй бизнес төлөвлөгөөний зорилтот түвшнээ хангаж ажилласан үр дүн, амжилт бүтээлээ ийнхүү дүгнэж байна. Ирэх 2025 он бол бид бүхний өмнө том сорилт, том даалгавар, Монгол Улсын засгийн газрын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай ийм жил байх болно. Өнгөрч байгаа 2024 онд амжилт бүтээлээр дүүрэн байсан шиг ирэх онд илүү том зорилгын төлөө нэг зүгт хамтдаа харахыг би та бүхнээсээ хүсэж байна.” гэлээ. Энэ оны амжилт бүтээлээ дүгнэж, ирэх оны ажил үйлсээ төлөвлөсөн баярын хурлаар 2024 оны шилдэг ажилтнуудаа тодрууллаа.
Үүнд, Анхны хайлалт хийснээс хойш 45,976 удаагийн хайлалт, цутгалт хийж 1,160,342 тонн чанарын шаардлага хангасан бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараа манлайлан ажилласан. Бүтээмж чанарын дугуйлангийн “Онч шийдэл”, “Арван хуруу” багийн гишүүнээр ажиллаж түлшний зардлыг 15%-иар бууруулж, доторлогоонд хар массыг орлуулан хэрэглэж 55,6 сая төгрөгийн хэмнэлт гарган ажилласан тэргүүний Анхдагч мэргэжлийн ажилтны нэг Бэлдэц үйлдвэрлэх цехийн Гангийн үйлдвэрийн бэлтгэгч Батаагийн Самбууг ХҮНДЭТ АЖИЛТНААР,
Металлын болон Материалын шинжилгээний лабораторийн итгэмжлэл нь Ковидын цар тахлын шалтгааны улмаас 2019-2023 онд тасалдсан байсныг 2024 оны 1-р улиралд итгэмжлэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтэд хэлтсийн инженер техникийн ажилтан, ажиллагсдаа амжилттай удирдан зохион байгуулж “ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ” эрхээ авч, баяжмал хүдэр, ган бүтээгдэхүүний чанар стандартын шаардлагыг ханган, хяналт тавьж ажиллаж байгаа тэргүүний удирдах ажилтны нэг Үйлдвэрлэл Технологийн газрын Чанар хяналтын хэлтсийн дарга Балжиннямын Батбүрэнг ШИЛДЭГ МЕНЕЖЕРЭЭР,
Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажилд хамт олноо ахлан ажиллаж, санхүүгийн тайлан, балансыг тогтоосон хуулийн хугацаанд гарган тайлагнаж, санхүү, бүртгэлийн ажлыг сайжруулах, нягтлан бодогч, нярвуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй сургалт, зөвлөмжийг өгдөг манлайлагч санхүүчдийн нэг Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Ахлах нягтлан бодогч Түвдэндорж Уянгийг ОНЫ ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНЭЭР,
Компанийн дулаан хангамж, хүчилтөрөгч үйлдвэрлэлийн төлөвлөгөө нормыг тогтмол 100%-иас дээш давуулан биелүүлэхэд хариуцсан нэгжийн ажилтнуудын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийж, бүтээмж өндөртэй, мэргэжлийн арга зүйгээр ханган, даралтат савны аюулгүй ажиллагааг, хэвийн найдвартай байдлыг хангаж ажилладаг тэргүүний инженер техникийн ажилтан Үйлдвэр шугам сүлжээний цехийн Технологийн инженер Пүрэвжавын Анхбаярыг ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНААР,
Компанийн дотоод сүлжээ, программ хангамжийн тасралтгүй байдлыг хангах, дотоод сүлжээний хөгжүүлэлтийг нэмэгдүүлэх, сервис шинээр суулгах зэрэг цахим мэдээлэл зүйн ажлыг мэргэжлийн ур чадвартай гүйцэтгэсэн ба үйлдвэрлэлийн нэгжид 49 камерыг шинээр суурилуулан, ашиглалтад оруулсан тэргүүний мэдээллийн технологийн инженер Мэдээлэл технологийн хэлтсийн Мэдээллийн технологийн ахлах инженер Энхбаатарын Алтангадасыг ОНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛТНААР,
Төмөртэй уурхайн Хүдэр сумын 93 ажилчид кемпэд байрлаж ажилладаг байсныг эдийн засгийн тооцоо судалгаа хийж, сумаас – уурхай, уурхайгаас сум руу сар бүр 38.3 сая төгрөгийн хэмнэлтийг гаргаж, уулын хэсгийн ажиллах хүч, машин механизмын сэлбэг, шатахуун, тос тосолгооны зарцуулалтад хяналт, шаардлагыг тогтмол тавьж ажилласнаар 1 м3 уулын цулын өртгийг 3,725 төгрөгөөр бууруулан ажилласан Санхүү, эдийн засгийн хэлтсийн Туслах тооцоочин Жаргалсайханы Ууганцэцэгийг ОНЫ ШИЛДЭГ ДЭД МЭРГЭЖИЛТНЭЭР,
Энэ онд 951,4 тонн хаягдал төмөр боловсруулалтыг хийж, хөдөлмөрийн бүтээмжийг 4,90 тонн/өдөрт хүргэж ажилласан нь төлөвлөлтөөс 40%-аар нэмэгдүүлэн хамт олноо манлайлан ажилласан тэргүүний ажилтны нэг Төмөр бэлтгэх цехийн Хийн огтлогч Сэмжидийн Мөнхбаярыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, Цехийн бэлдэц үйлдвэрлэх төлөвлөгөөг 100,4%-иар ханган ажиллахад хариуцсан ажил үүргээ хариуцлагатай сайн гүйцэтгэж, сэлбэг материал хэмнэж 68521 л түлш хэмнэж, өмнөх оноос 231,8 сая төгрөгөөр буюу 15%-иар зардал бууруулж, өртөг зардлыг бууруулан ажиллаж технологийн саатал, бүтээгдэхүүний чанарын зөрчил, үл тохирлыг бууруулахад чиглэсэн олон талын үр ашигтай шинэ санал санаачилга гаргасан Бэлдэц үйлдвэрлэх цехийн Ган цутгах шанаганы оператор Баянцогтын Цэнгэлбаярыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, 2024 онд 28,1 мян.тн бэлдэц хүлээн авч 27,8 мян.тн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 104%-иар ханган ажиллахад мэргэжлийн ур чадварыг гарган, манлайлан ажиллаж техник, технологийн гэмтэл сааталгүй, аюулгүй ажиллагааг ханган ажилласан Цувимал үйлдвэрлэх цехийн ЗТЦМ-ны ахлах ган цувигч Эрдэнэбатын Гантулгыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, 2024 онд Улаанбаатар Төмөр бэлтгэх төвд ирсэн хаягдал төмрийн буулгах, Дархан руу ачуулахад ачаа оосорлох, буулгах дүрмийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, аваар осол, зөрчилгүй ажилласан залуу ажилтны нэг Төмөр бэлтгэх төвийн Оосорлогч дохиочин Дэмбэрэл-Нямбуугийн Үүрцайхыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, PSA хүчилтөрөгч станцын технологийн горимыг чанд мөрдөж 66.82%-ийн дундаж цэвэршилттэй хүчилтөрөгчийг үйлдвэрлэн гаргах ажилд гар бие оролцон бусдыгаа манлайлан ажиллахдаа үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж 74,718 м³ хүчилтөрөгч үйлдвэрлэсэн Үйлдвэр шугам сүлжээний цехийн PSA хүчилтөрөгч станцын машинч Дашринчингийн Бямбажавыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, Дахин халаах зуухны Тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлын нарийн тохиргоог хийж бусдыг манлайлан ажилласан. Шаардлагатай метал хийц эд анги хийх, угсрах ажлуудыг төлөвлөгөөнд тусгагдсан хугацаанаас өмнө гүйцэтгэхэд өөрийн ур чадварыг гарган ажилласан. Их засварын ажлыг амжилттай хэрэгжүүлэн туршиж ДХЗ-г ашиглалтад оруулсан Засвар механикийн албаны Тоног төхөөрөмжийн засварчин Уртнасангийн Бат-Эрдэнийг ШИЛДЭГ АЖИЛТНААР, 2024 онд үйлдвэрлэлийн эрчим хүчний тасралтгүй ажиллагааг хангахад хариуцсан хэсэг нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цахилгаан тоноглолын найдварт ажиллагааг сайжруулан шаардлагатай засварын ажлыг хугацаа алдалгүй гүйцэтгэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын хангасан тэргүүний ажилтны нэг Цахилгааны албаны Цахилгаанчин Содхүүгийн Гансүхийг ШИЛДЭГ АЖИЛТНААР, 2024 онд импортын материалуудын нийлүүлэлт тасалдах зэрэг тулгарсан хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдлуудыг эрсдэлгүйгээр амжилттай даван туулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхэд хамт олноо манлайлан ажилласан, замын хөдөлгөөний дүрмийн зөрчилгүй ажилласан шилдэг ажилтны нэг Авто тээврийн албаны Хөдөлгүүр тохируулагч Цэндийн Нямжавыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, Уурхайн хүнд машин механизмын засвар үйлчилгээг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэж CAT988H LD-417 авто ачигчийн их засварын ажил, хөдөлгүүр, хроп шинээр суурилуулах, гидро системийн холболт, экскаватор CAT374D EX-202 гидрийн төв насос суурилуулах томоохон засварын ажлыг манлайлан ажилласан Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн Хүнд машин механизмын засварчин Нямаагийн Будсүрэнг ШИЛДЭГ АЖИЛТНААР, Хүнд машин механизмыг аюулгүй байдлыг ханган, зөрчилгүй ажиллаж, залуу ажилтнуудад ажлын туршлагаасаа тогтмол хуваалцаж, ур чадварыг нэмэгдүүлэн, төлөвлөгөөт ажлыг биелүүлэн ажилласан тэргүүний ажилтны нэг Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн Экскаваторын оператор Пүрэвсүрэнгийн Болдсайханыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, Төмөртэй уурхайд ширхэглэл томтой хүдэр хүлээн авах конвейеруудын туузан ремений доор хийгддэг падушка суурь шинээр хийж орлуулсан мөн 3-р шатны бутлалтад ашиглагддаг TC51-2 конусан бутлуурыг дотоод нөөц бүрдүүлж засварлаж хэвийн ажиллагаанд оруулж, тоног төхөөрөмжийн бүтээмж, ашиглалтыг нэмэгдүүлсэн тэргүүний засварчны нэг Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайн Тоног төхөөрөмжийн угсрагч засварчин Алтангэрэлийн Батмөнхийг ШИЛДЭГ АЖИЛТНААР, Хүнд машин механизмын засвар үйлчилгээг чанартай шуурхай гүйцэтгэж хово маркийн автомашиныг явуулын засварын машин болгож засварлахад цахилгааны монтаж, аккумляторын суурь хийж цахилгааны монтаж, Заалны гадна талд цахилгаан монтаж хийж нэмэлт гэрэлтүүлэг хийж гүйцэтгэсэн тэргүүний ажилтан Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайн Автын цахилгаанчин засварчин Бямбасүрэнгийн Эрдэнийг ШИЛДЭГ АЖИЛТНААР, 2024 онд ажиллахдаа нийт 214,074 тн хүдэр, 187,929 м3 хөрс, 2,546 м3 шохойн чулуу ачилт хийж ажилласан, хамт олондоо үлгэр дуурайлал болон ажилладаг манай тэргүүний залуу оператор Төмөртолгой төмрийн хүдрийн уурхайн Уулын хэсгийн Экскаваторын оператор Сүхдоржийн Амаржаргалыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, Баяжуулах үйлдвэрийн 19, 23-р конвейерын туузан ремений элэгдлийг багасгаж ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор конвейерын урсгуурын бүтцийг өөрчилж материалын уналт туузан ремений гадаргууд бага хурдаар тэжээгдсэнээр элэгдэл багасаж 2024 онд 24,640,000 төгрөгийн бодит хэмнэлт гарсан Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайн Гагнуурчин Даваасүрэнгийн Баярбатыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, 2024 онд олон улсын тэмцээнээс Жудо төрөлд 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 7 медалийг эх орондоо авчирч, Улсын аварга шалгаруулах JIU-JITSU бөхийн тэмцээнд 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн нь Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр төдийгүй Аймаг, Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан том амжилт үзүүлсэн Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайн Гагнуурчин засварчин Пүрэвжавын Амаржаргалыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, 2024 онд Импортын материалууд эрсдэлтэй ачилт хийгдэн ирсэн тохиолдлууд гарч байсан ба тэрээр тухай бүрд аюулгүй ажиллагааг чанд мөрдөн бараа материалыг гэмтэлгүй буулгах шинэлэг санааг гарган хэрэгжүүлж байсан. Энэ бараа материалыг буулгахын тулд бусад байгууллагаас техник түрээслэх шаардлага гарч байсан бөгөөд энэхүү техник түрээсийн төлбөр болох 14.000.000 төгрөг хэмнэсэн Тээвэр Ложистикийн Хэлтсийн Оосорлогч, дохиочин Ганбаатарын Одонтамирыг ШИЛДЭГ АЖИЛТНААР, Оператор нь үйлдвэрийн нийт ажилчдын эрүүл эрүүл ахуйн шаардлагад нийцсэн чанартай цэвэр угаасан хувцсаар хангахад өөрийн хувь нэмрийг оруулан нийт эргэлтээр жилд дунджаар 412000кг угаасан амжилтыг гаргасан Аж ахуйн албаны Угаалгын машины оператор Бат-Өлзийн Наранлхагвыг ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНААР тус тус шалгаруулж шилдэг ажилтны цом, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.