“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарих зорилт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зорилтын хүрээнд 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл Төмөрлөгчүүд нийт 63 мянган мод тарьж, ургуулжээ. Өнөөдрийн байдлаар Төмөртэй төмрийн хүдрийн уурхай дээр 12 мянган мод, Төмөр Толгойн уурхайн бүс дотор 3600 мод, төмөр хүн болон үйлдвэрийн бүс нутагт 12 мянган мод тарьж ургуулсан байна. Мөн Алтан хундагын тохойд 23 мянган мод, Ган урсгал амралтын газарт 350 нарс мод тус тус тарьжээ.
Төмөртэйн уурхайд байгуулсан мод үржүүлгийн газарт өнөөдрийн байдлаар хоёр хүлэмжинд 40 мянган нарс мод үрээр тарьж ургуулж байна. Үүнээс гадна Төмөртэй уурхайд байгалийн нөхөн сэргээлтээр мод ургуулах ажлыг туршилтаар явуулж тодорхой үр дүнд хүрсэн учраас нийт тарихаар төлөвлөж буй модныхоо 500 мянган модыг үржлийн газраа тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна.