“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Дархан-Уул аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран төрийн үйлчилгээний ТҮЦ машиныг үйлдвэрийн байранд байршууллаа.
Ингэснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан албан хаагчид дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм. Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч болохоос гадна яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломжтой юм.
“ТҮЦ” машины үйлчилгээний баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм. Төрийн үйлчилгээг ажлын байран дээрээсээ авах боломжоор хангахаар болж байгаа нь ээлжийн ажилтай байдаг ажилтнуудынхаа цаг завыг хэмнэх, яаралтай үед үйлчилгээ авахад нь хялбар байх үүднээс ийнхүү Удирдлага менежментийн багаас дээрх арга хэмжээг авч ажиллажээ.