09 Oct, 23

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 1 САЯ МОД ТАРИНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нэгдэж 1 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн орсноосоо хойш манай компани Хараа голын усны эх үүсгүүр болон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Төмөртэйн уурхайгаа түшиглэн мод үржүүлгийн газрууд байгуулан, тарьж суулгацаа бэлтгэж эхлээд байгаа юм.  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь Хараа голын эрэг орчимд 700 мянга, Дархан сумын суурьшлын бүст 100 мянга, Төмөртолгой уурхай болон Хонгор сумын нутагт 100 мянга, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрших Төмөртэйн уурхай орчимд 100 мянган мод гэсэн нийт 4 бүст нэг сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Өнгөрөгч 2022 онд нийт 27 мянган мод тарьсан бол энэ жил 20 мянган мод тарьж, ургуулахаар ажиллаж байна.

Мод тарих үндэсний өдрөөр компанийн 1500 гаруй ажилтнууд Хараа голын Алтан хундагын тохойд 13500 мод, бут, Төмөр хүний орчинд 720 нарс мод суулгалаа. Үргэлжлүүлэн Дархан- Уул аймгийн Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнд 2,500 мод, Төмөртолгой уурхайд 500 мод, Төмөртэй хүдрийн уурхайд 1,500 нарс мод тарихаар төлөвлөн ажиллаж байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд нэг сая мод тарина. Хоёр жилийн хугацаанд бид нийтдээ 47000 мод тарилаа. Зөвхөн тариад орхих биш манай компани тарьсан модоо арчилж ургуулахад онцгой анхаарч тусдаа нэгж үүсгэж тарьсан модоо арчилж ургуулах, усалж тордож, бордох бүх ажлыг цогцоор нь хийж байна. Ингэж байж байгаль орчны тэнцвэртэй байдалд хэрэгцээт модоо нутагшуулж үр дүнтэй тарьж ургуулж чадна. Мөн бид нийгмийн хариуцлагын хүрээнд Төмөртэй болон Төмөртолгойн уурхайдаа мөн мод тарьж, шилжүүлэн суулгаж байгаа гэв.

Улсын хэмжээнд мод үржүүлгийн 440 орчим газарт 62.6 сая тарьц суулгацын нөөц бүрдэж, “Тэрбум мод” хөдөлгөөнийг зарлан хэрэгжүүлснээс хойших хугацаагаар тооцон авч үзэхэд мод, тарьц суулгацын нөөц 4-5 дахин нэмэгдээд байгаа юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд мөн сүүлийн жилүүдэд тарьж, ургуулж байгаа модны тоо нэлээд нэмэгдэж байгаа төдийгүй орон нутаг Дарханы төмөрлөгийн үйлдвэр хамтран Төмөр хүн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ийнхүү ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This field is required.

This field is required.