30 Aug, 23

ТӨЛӨВЛӨСӨН 56 ЗАСВАРЫН АЖЛЫГ БҮРЭН ДУУСГАЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛНЭ

AdminМэдээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 2023-2024 оны өвлийн бэлтгэлээ хангах, цаашид үйлдвэрлэлийг хэвийн тасралтгүй явуулахад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Гангийн үйлдвэртээ төлөвлөгөөт их засварын ажлыг  8-р сарын 1-ээс  хийж эхэлсэн билээ. Технологийн үндсэн болон туслах шугамын тоноглолуудыг  шат дараатайгаар засварласан их засварын ажил Гангийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдэд 72%-ийн гүйцэтгэлтэйгээр хэвийн үргэлжилж байна.

Одоогийн байдлаар хайлах цехийн цахилгаан нуман зуух, зэв сорох тоноглол, тасралтгүй цутгах машины засвар, Цувимал үйлдвэрлэх цехийн цувилтын шугамын тоноглол, дахин халаах зуухны метал хийцийн сэргээн босголт, хөргөх болон шалгах тавцангийн тоноглолуудын засвар бүрэн дууссан байна.

Төлөвлөсөн 56 засварын ажлыг бүрэн дуусгаж 2023 оны 09-р сарын 07-ны өдрөөс үйлдвэрлэлийг  эхлүүлнэ. Энэхүү төлөвлөгөөт их засвар нь сүүлийн 5 жилд тасалдаад байсан бүрэн хэмжээний их засвар юм.