03 Aug, 23

ХАР ТӨМӨРЛӨГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮД “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК-Д АЖИЛЛАВ

AdminМэдээ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Aж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Аж үйлдвэржилтийн үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан. Үндэсний хороог Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ахалж, нүүрс гүн боловсруулах, зэсийн, хар төмөрлөгийн, хөнгөн аж үйлдвэрийн дөрвөн дэд хороотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.

Үндэсний хорооны гол зорилго нь аж үйлдвэрийн салбарт эхний ээлжинд бодитоор хэрэгжихүйц цөөн тооны төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх явдал юм. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав “Уул уурхай- металлургийн төсөл”-ийн “Монгол ган цогцолбор-I” төслийг төлөөлөн  тус дэд хорооны гишүүнээр ажиллаж байна.

Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны Хар төмөрлөгийн асуудал хариуцсан дэд хорооны гишүүд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д өнөөдөр\2023.08.03\ ажиллаж Гангийн үйлдвэр, “Уул уурхай-металлургийн цогцолбор” төслийн ажлын явцтай танилцлаа.

Хар төмөрлөгийн асуудал хариуцсан дэд хорооны гишүүдэд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Уул уурхай, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Н.Батбаяр, Хөгжлийн хэлтсийн дарга Ж.Ганбаяр нар “Монгол ган I” төслийн танилцуулгыг хийж, төслийн ажлын явцын мэдээллийг өглөө.  

Танилцуулгын дараа “Уул уурхай- металлургийн цогцолбор” төслийн ажлын явцын талаар Хар төмөрлөгийн асуудал хариуцсан дэд хорооны гишүүд санал, зөвлөмжөө хэллээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав дэд хорооны гишүүдэд хандан, “Уул уурхай металлургийн цогцолбор” төсөл нь эрдэс баялгаас үнэ цэнийг бүтээж, дэлхийн жишигт хүрсэн уул уурхай-металлургийн цогцолборыг хөгжүүлэх стратегийн томоохон төсөл. Төслийг бид 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргасан. 1-р үе шатанд одоогийн гангийн үйлдвэрийн хүчин чадал, ашиглалтыг өсгөх, 2-р үе шатанд шинэ гангийн үйлдвэрийн цогцолбор  байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацид суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төрийн бодлого зорилтын хүрээнд та бүхэн бид энэ түүхэн ажлыг ханцуй шамлан хийх учиртай үүрэгтэй хүмүүс юм. Хамтдаа бүтээж босгох Монгол Улсын Гангийн үйлдвэрт өөрийн хувь нэмрээ, мэргэжлийн туршлага, авьяасаа харамгүй зориулаарай гэж та бүхнээс хүсье. Манай хамт олон олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгахын тулд   урт хугацаанд тогтвортой үр ашигтай үйлдвэрлэийг эхлүүлэхээр хичээн ажиллаж байна. Бидний өмнө эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэг гол анхаарлаа хандуулах олон ажил байна гэлээ.