21 Jul, 23

КОМПАНИЙН ХЭЛБЭРИЙГ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

AdminМэдээ

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн санг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийг группийн зарчмаар ажиллуулах шийдвэрийг 2022 оны тавдугаар сард гаргасан билээ. Энэхүү шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК  группийн зохион байгуулалтаар ажиллахаар компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулж, дотооддоо зэс, нүүрс, ховор металл, дэд бүтцийн гэсэн 4 групп компани түүнд харьяалагдах 39 төрийн өмчит аж ахуй нэгж хэлбэртэйгээр бүтэц зохион байгуулалтаа хийсэн юм.

 Монгол Улсын Засгийн газар  2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  429-р тогтоол гаргаж уг тогтоолдоо “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнд ажиллуулж, тус төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК хэрэгжүүлнэ хэмээн шийдвэрлэсэн.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангахаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийг шинэчлэн баталж, дүрмэндээ өөрчлөлт оруулснаар компанийн хэлбэрийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилсөн юм.

Энэхүү өөрчлөлт нь Нэгдлийн зүгээс томоохон төслүүд хэрэгжүүлэх, IPO босгох, хөрөнгийн зах зээл дээр ажиллах, харьяандаа ажиллаж буй уул уурхайн компаниудын менежмент, зохион байгуулалт, хүний нөөц, худалдан авалтын бодлогуудыг нэгдсэн байдлаар явуулах Засгийн газрын  бодлогын хүрээнд хийгдэж байгаа зохион байгуулалтын өөрчлөлт юм. Тодруулбал, Засгийн газраас үр ашиггүй охин болон хараат компаниудыг, мөн Төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа 270 гаруй Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг цөөлж, зөвхөн  толгой  компани нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх зохион байгуулалтыг хийсэн. Энэ зохион байгуулалтын үр дүнд хоёр тэрбум төгрөгийн цалингийн зардал хэмнэгдсэн байна.