05 May, 23

ШИНЭ ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЖ БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

AdminМэдээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр үүсэн байгуулагдсаны  30 жилийн ой энэ онд тохиож байна. Анх  Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04-р сарын 14 өдрийн 160 дугаар тогтоолоор, Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан хотод байгуулагдаж байсан юм. Үйлдвэрийн шавыг тавьсаны дараа бүтээн байгуулалт 4 жил орчим үргэлжилж, 1993 онд анхны ган хайлалтаа хийж 1994 онд  Монгол Улсын анхны ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр бүрэн хэмжээгээр ашиглалтад орж байсан түүхтэй. Компанийн Удирдлага менежментийн багаас түүхт 30 жилийн ойн үйл ажиллагаагаа Инженер техникийн ажилтны зөвлөгөөнөөрөө эхэлж байна. Компанийн техник технологийн шинэчлэлт, инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийнхээ хөгжлийн хэтийн төлөвлөлтийг хэлэлцэх зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөнд тус компанийн инженер техникийн ажилтнууд компанийн өнөөгийн болон ирээдүйн үйл ажиллагааг сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх, бүтээмжээ дээшлүүлэх, үр ашгаа нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн хийсэн судалгаа, шинэ санаачилгыг танилцуулж илтгэл тавьж оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, “Бид 30 жилийн ойн бүтээлч ажлуудаа оюунлаг үйл ажиллагаагаар эхэлж байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Түүхийн нэг үеийг туулж, хөгжлийн шинэ гараан дээр хамтдаа зогсож байгаа бид дараагийн түүхийг оюун ухаан, ур чадвар, мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөрөөрөө бүтээнэ. Өнөөдрийн илтгэгчиддээ амжилт хүсч их зүйлийг хүлээж байгаагаа хэлье. Цаашид шинэ инноваци нэвтрүүлж байгууллагадаа хэрхэн үр ашигтай хэмнэлт хийж чадаж байгаад суурилсан урамшууллын систем рүү шилжихээр судалж, бүтээмжид суурилсан цалингийн шаталсан тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна” гэлээ. Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д 1524 ажилтан ажиллаж байгаагаас гангийн үйлдвэр, уурхайн үйлдвэрлэлд 125 инженер техникийн ажилтнууд  ажиллаж байна.