Гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог БНЭУ-д “INDIA STEEL – 2023” олон улсын экспо, бага хурал зохион байгуулагдлаа. Тус экспо, бага хуралд дэлхийн 56 орны бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд Монгол улсаас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн төлөөлөл оролцож Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй “Монгол ган цогцолбор I” төслийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Энэтхэгийн Засгийн газар, Гангийн яам, Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо (FICCI) хамтран 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг хөгжлийн стратегийг боловсруулах гол талбар гэж тус салбарынхан үнэлдэг юм. INDIA STEEL олон улсын экспо, бага хурал нь технологийн шинэ шийдлүүд, тоног төхөөрөмжийн шинэчлэл, олон улсын шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг нэг дор төвлөрүүлж хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, шийдвэр гаргагч талуудыг холбодогоороо онцлогтой. Энэ жилийн хувьд гангийн салбарын өсөлтөд зориулсан бизнесийн шинэ гарцуудыг судлах, ололт амжилтаа дэлгэн харуулж хөгжлийн тэргүүлэх чиг хандлагаа тодорхойлж боломжоо хамтран бий болгох санаачилга хэлбэрээр зохион байгуулсан юм.
“INDIA STEEL – 2023” Олон улсын бага хурлын гол илтгэгч Энэтхэгийн Ган үйлдвэрлэлийн асуудал хариуцсан яамны Нарийн бичгийн дарга Нагендра Нат Синха “Либералчлалын дараа Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл долоо дахин өсч, 1991 онд 17 сая тонн байсан бол 2022 онд 120 сая тонн болсон. Цаашид Энэтхэг улс 2025 онд үйлдвэрлэлийнхээ хэмжээг 300 сая тоннд хүргэж, нүүрстөрөгч багатай гангийн үйлдвэрлэлийг хэрхэн нэвтрүүлэхээ дэлхий дахинд харуулах болно” гэж мэдэгдсэн бол Гангийн яамны Хамтарсан нарийн бичгийн дарга Абхижит Нарендра “Зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, боомт, нийтийн тээвэр, усан зам, ложистикийн дэд бүтцийг дамнасан долоон хөдөлгүүртэй дэд бүтцийн өсөлтөд анхаарлаа хандуулсан. Энэтхэгт зөв бодлого, дэд бүтцийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаа зөв хийснээр гангийн үйлдвэрлэл, боловсруулалт, экспортын төв болох боломж бий болж байна гэж мэдэгдлээ.
Монгол Улсын төлөөлөл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, “Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд эх орны төмрийн хүдрээс эцсийн шатны ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийг хангах зорилгоор “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. “Монгол ган цогцолбор I” төсөл нь жилд 350,000 тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, дотоодын зах зээлийн хэрэгцээний 50-иас дээш хувийг хангах зорилготой. Төслийн бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлсэн, 2026 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 508 сая ам.доллар. Хөрөнгө оруулагч та бүхнийг манай төсөлд хамтран ажиллахыг урьж байна” гэлээ. “INDIA STEEL – 2023” олон улсын экспо, бага хуралд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн төлөөлөлтэй 60 орчим компани уулзалт хийх хүсэлтээ илэрхийлсэн юм. Хүсэлт илэрхийлсэн компаниуд дотор тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа, зураг төсөл үйлдвэрийн интерьер, технологийн зөвлөхийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд зонхилж цөөн тооны хөрөнгө оруулагч компаниуд байлаа. Уулзалтуудыг 4 өдрийн турш хийж мэдээлэл солилцож харилцаа тогтоолоо.
“INDIA STEEL – 2023” олон улсын үзэсгэлэн, бага хурлын төгсгөлд Ирээдүйн зорилгын хувьд гангийн яамны хамтарсан нарийн бичгийн дарга Санжай Рой үндэсний гангийн бодлогынхоо зорилгод хүрэх, COP26 амлалтаа биелүүлэхийн тулд инноваци хийх шаардлагатайг онцлон тэмдэглэв. Ирээдүйн хэрэгцээг хангахын тулд коксжих нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн чухлыг салбарын тэргүүлэгчид онцолж, шинэ үеийн гангийн үйлдвэрлэлийн талаар салбарын судалгааг түлхүү хийхийг уриаллаа. Гангийн яамны Хамтарсан нарийн бичгийн дарга Абхижет Нарендра нөөцийг хэмнэх, тогтвортой шийдлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн бол гангийн яамны нарийн бичгийн дэд дарга Ручика Чаудри Говил “Шинэ эриний ган”-ийн үйлдвэрлэлийн талаар илүү олон салбарын судалгаа хийх уриалгыг тус тус дэвшүүллээ.