24 Mar, 23

“МОНГОЛ ГАН” ХОТХОН ТУН УДАХГҮЙ СҮНДЭРЛЭНЭ

AdminМэдээ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-д 2023 оны байдлаар 1560 ажилтан албан хаагч ажиллаж байна. Нийт ажилтан албан хаагчдын 60 хувь нь гэр хороололд, 10 орчим хувь нь түрээсийн байранд амьдардаг. Тус үйлдвэрийн нийт ажилтнуудын дунд тулгамдаж байгаа нийгмийн асуудлаар судалгаа явуулахад шийдвэрлэх асуудлын хамгийн эхэнд орон сууцны асуудлыг дурьдсан байдаг. Орон сууцны хүсэлт ирүүлсэн ажилчдын 70 гаруй хувь нь уурхайн ажилчид, 30 хувь нь үйлдвэрийн ажилтнууд байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Удирдлага, менежментийн баг Сангийн сайд Б.Жавхлангийн санаачилгаар Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран “Монгол ган” цогцолборыг бүтээн байгуулахаар “Азийн барилга” групптэй хамтран ажиллаж байна.

Үйлдвэрийн ажилчдын орон сууцны “Монгол ган” хотхон нь цэцэрлэг сургуулийн цогцолбор бүхий ажилчдын орон сууцны хороолол байх юм. Уг хотхонд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 800 ажилтан зах зээлийн өртгөөс хямд үнээр, урьдчилгаа төлбөрийн нэн хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болох юм.  Хаврын дунд сарын шинийн 3-ны Дашнямтай билэгт сайн өдөр хотхоны шав тавих ёслолын үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХКийн захирал Г.Дугаржав, Уул уурхай хүнд үйлдвэрийн ажилчид маань олон хоног ар гэрээсээ хол ажилладаг онцлогтой ажлын байртай. Ар гэр рүүгээ санаа зовохгүй байна гэдэг ажлын бүтээмж өндөр байхад хамгийн их нөлөөлнө. Тиймээс бид аль болох ажилчиддаа санхүүгийн дарамтгүй, хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болоход нь туслахаар энэ ажлыг эхлүүлж байна. Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг 12 хувь хүртэл бууруулахаар бид яриа хэлцэл хийж байна. Манай компанийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойгоо угтан тэргүүний  50-60 ажилтны урьдчилгааг компаниас шийдэх, ар гэрийн гачигдалтай зарим ажилтандаа үнэ төлбөргүй орон сууц өгөх хувилбарыг  судлан  ажиллаж байна гэлээ.