03 Mar, 23

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

AdminМэдээ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн захиргаа, “Үйлдвэрчний эвлэлийн хороо”-той 2021-2023 онд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний 2022 оны биелэлтийг дүгнэлээ. Гүйцэтгэх захирлын 2022 оны А/280 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 4 удаагийн хурлаар хэлэлцэж хамтын гэрээний биелэлттэй нэг бүрчлэн танилцсанаар биелэлтийг 95.6 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэн, ажлын хэсгийн гишүүдийн 100 хувийн саналаар “Хангалттай” хэмээн  дүгнэжээ. 

Компанийн захиргаа  Үйлдвэрчний эвлэлийн холбоотой  байгуулсан хамтын ажиллагааны гэрээний биелэлтийг хангах ажлын хүрээнд 2022 онд  20.4 тэрум төгрөг зарцуулсан байна.

Тухайлбал,  Ажил эрхлэлт, ажлын байрны баталгааг хангах чиглэлээр 304.2 сая төгрөг цалин хөлс, урамшууллын зарцуулалтад 12.7  тэрум төгрөг, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ахуйн нөхцлийг сайжруулахад 2.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан бол ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд 89.9 сая төгрөг, ажилтны нийгмийн хамгааллын арга хэмжээ, нийгэм ахуйн хөнгөлөлтийн үйл ажиллагаанд 4.7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулах үеэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”  ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, Компанийн удирдлага концесс хэрэгжүүлэгчээс Төрийн мэдэлд шилжсэнээс хойших жил орчмын хугацаанд бид ажилтнуудынхаа эрх ашиг, нийгмийн асуудлыг тэргүүнд тавин ажиллаж байна. Төрд шилжсэнээс хойших энэ хугацаанд цалинг үе шаттайгаар нэмэгдүүлсээр нэг жилийн хугацаанд 38%-иар нэмэгдүүлсэн байна. Цаашид оны эхний хагас жилд 10% нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Ингэснээр өссөн дүнгээрээ цалингийн нэмэгдэл   53%-д хүрэх боломжтой болох юм. Манай компанийн Удирдлага менежментийн багаас ажилчдын орон сууцны хороолол баригдаж эхэлж байгаатай холбогдуулж ипотекийн зээлд хамтран ажиллах саналыг Зээлийн батлан даалтын санд тавьж, орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээг нэн таатай болгох тал дээр ажиллаж байна. Эдгээр ажлуудад Үйлдвэрчний эвлэлийн хороо маань зөвхөн гэрээний зүйл заалт барилгүй санаачилгатай хамтран ажиллана гэдэгт итгэж байна  гэлээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн захиргаа, “Үйлдвэрчний эвлэлийн хороо”-той 2023-2025 онд хамтарч ажиллах  Хамтын ажиллагааны гэрээг тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Сувдгэрэл нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү гэрээг боловсруулахаар  компанийн ажилтнуудын дунд санал асуулга явуулж, нэг сарын турш хэлэлцүүлэг өрнүүлэн, ажлын хэсэг 6 удаа хуралдаж саналаа нэгтгэсэн юм.

Тус Хамтын ажиллагааны гэрээнд туссан зарим онцлох заалтуудаас дурьдвал,

  • Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн, ажлын байр хасагдсан, өмчлөх эрх өөрчлөгдсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан ажилтанд нийгмийн баталгааг хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг үндэслэн  уг ажилтанд  6 сараас 2 жил хүртэл ажилласан бол 1 сар, 2-5  жил хүртэл ажилласан бол 2 сар,  5-10 жил хүртэл ажилласан бол 3 сар, 10 ба түүнээс  дээш жил ажилласан бол 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгоно./Хуучин хамтын ажиллагааны гэрээнд 1-10 жил -1 сар, 11-15 жил -2 сар, 16 ба түүнээс жил -3 сарын тэтгэмж олгодог байсныг өөрчлөв/
  • Ажилтнуудын үндсэн цалинг компанийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний үнийн өсөлт, инфляцийг харгалзан тухай бүр индексжүүлж, ажилтны сарын дундаж цалин хөлсийг уул уурхайн салбарын жишигт хүргэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлого барих ба 2023 оны I,  II дугаар улиралд тус тус 10 хувиар нэмэгдүүлнэ.
  • Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.2.3, 6.2.4-д заагдсаны дагуу дадлага туршлагатай ажилтанд ажилласан жилийн нэмэгдлийг дараах хувь хэмжээгээр олгоно. Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ажилтан эргэн ажилд орсон тохиолдолд удаан жилийн нэмэгдлийг өмнөх ажилласан жил дээр үргэлжлүүлэн нэмж олгоно. Мөн мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор төр, төрийн өмчит байгууллагад ажиллаж байсан ажилтан нь тус компанид шинээр ажилд орох тохиолдолд компанийн Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан бүтэц орон тоо, ажил мэргэжлийн ангилалын дагуу ажлын байрны тодорхойлолтонд заасан мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байсан ур чадвар туршлагатай бол удаан жилийн нэмэгдлийг үргэлжлүүлэн тооцож олгож болно. Удаан жилийн нэмэгдлийн нэрсийн жагсаалтыг жил бүрийн эхэнд гүйцэтгэх захирлын тушаалаар батална.

3-4 жил – 3%

5-9 жил -5%

10-14 жил -10%

15-19 жил – 15%

20 ба түүнээс дээш 20%

/Өмнөх хамтын гэрээнд Тасралтгүй ажилласан ажилтанд удаан жилийн нэмэгдлийг 3-25 жил ажиллахад 40,000-200,000 төгрөгөөр бодож олгодог байв./

  • Удаан жилийн нэмэгдлийг зөвхөн тасралтгүй ажилласан ажилтанд олгодог байсан бол энэ жилээс өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ажилтан эргэн ажилд ороход удаан жилийг үргэлжлүүлэн тооцох өөрчлөлтүүдийг тус тус оруулсан байна.