Монгол Улсын Засгийн газар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийг түшиглэн эх орны төмрийн хүдрээс эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 50-иас дээш хувийг хангах зорилгоор Монгол Ган Цогцолбор 1 төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-иас мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэж, дадлагажуулах хөтөлбөрийг эхлүүлжээ.
2017 оноос хойш ШУТИС -ийн Металлургийн инженерийн анги элсэгч оюутангүй болж, үйлдвэрлэлийн тулгуур мэргэжил олгодог сургалтын эрхийн зөвшөөрлийг нь сунгаагүйгээс сургалт зогсч мэргэжилтэй ажилтныг бэлтгэх ажил сүүлийн зургаан жилийн хугацаанд тасалдаж, инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилтнуудын хомсдол үүсээд байжээ.
Монгол Ган Цогцолбор 1 төслийн хүрээнд металлурги, механик, цахилгаан, баяжуулах, геологи, маркшейдер инженерүүд болон ган хайлагч, ган цутгагч, ган цувигч, краны машинч, нарийн мэргэжлийн засварчин зэрэг мэргэжилтэй ажилтнуудыг үе шаттайгаар бэлтгэх ажлыг тус ХХК ийнхүү эхлүүлэн 2022 оны 12 сард Дархан-Уул аймгийн Шинжлэх Ухаан Технологийн Их сургуультай хамтын ажиллагааны санамж байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд эхний ээлжинд 2023 оны 1 сарын 11-нд металлургийн технологийн инженерээр бакалаврын сургалтанд суралцаж буй 14 ажилтан, магистрын сургалтын 2 буюу нийт 16 ажилтантай Гүйцэтгэх захирал Г.Дугаржав сургалтын гэрээ байгууллаа. Сургалтын гэрээгээр ажилтнууд компанийн сургалтын 100%-ийн тэтгэлэгээр суралцаж цаашид амжилттай суралцсан ажилтнуудыг инженерийн ажлын байраар хангах юм.
Тус компанийн үйлдвэрлэлийн үндсэн Төмөр бэлтгэх цех, Бэлдэц үйлдвэрлэх цех, Цувимал үйлдвэрлэх цех, Үйлдвэр шугам сүлжээний цех болон Төмөртэй уурхай, Төмөртолгойн уурхайд нийт 1524 ажилтантай бөгөөд үүнээс 310 инженер техникийн ажилтан, мэргэжилтэн, мастер, 1064 мэргэжилтэй ажилтан ажиллаж байна. Компанийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр 2003-2005 онд ШУТИС -д сургалтын гэрээгээр 15 металлургийн инженер, 2013, 2016 онд үйлдвэр дээрх сургалтын эрхийг авч өөрсдийн гадаад болон дотоодод төгссөн инженер техникийн ажилтнуудыг түшиглэн ган хайлагч, ган цутгагч, ган цувигч, краны машинч, оосорлогч дохиочин, баяжуулахын операторын мэргэжил олгох сургалтыг инженер сургагч багш нар зохион байгуулан 400 гаруй ажилтанд мэргэжил олгох сургалтанд хамруулан, мэргэжлийн үнэмлэх олгож байсан юм.
Монгол Улсад металлургийн инженерийг зөвхөн Дархан-Уул аймгийн ШУТИС дээр бэлтгэдэг, харин нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэдэг коллеж, мэргэжлийн сургалтын төв, сургалтын байгууллагууд байдаггүй үйлдвэрийн дадлагаас туршлага олж авдаг юм байна. Тиймээс мэргэжлийн болон нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх ийнхүү эхлүүлж цаашид үе шаттайгаар хөтөлбөр болгон хэрэгжүүлэх юм байна.