Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж, төрд буцаан авч, удирдлага менежментийг шинэчилснээс хойш найман сарын хугацаа өнгөрч байна.
Концесс эзэмшигчдийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн үйлдвэрлэлийн хэвийн ажиллах горим алдагдсан байсныг үе шаттайгаар засан сайжруулсаар өнөөдөр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж байна. Тус компанид өнөөдрийн байдлаар 1536 ажиллагсад ажиллаж байгаагаас 49%-нь гангийн үйлдвэрт, 51%-нь уурхайд ажиллаж байгаа юм.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК нь жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж гадаадын болон дотоодын зах зээлд нийлүүлдэг. Компанийн менежментийн багаас өнгөрөгч сард гангийн үйлдвэр болон, Төмөртолгойн уурхайн төлөвлөгөө биелсэнтэй холбогдуулж үйлдвэрийн ажилтнуудад төлөвлөгөөний биелэлтийн урамшууллыг цалингийн 8-20 хувиар тооцон олгож эхэллээ.
Түүнчлэн 2022 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн бүтээгдэхүүний экспортыг дахин эхлүүлж эхний ачилтуудаа хийж байна. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва тэргүүтэй яамны удирдлагын төлөөлөл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллаж байх үед сүүлийн нэг жилийн турш зогсоод байсан төмрийн хүдрийн экспортын эхний ачилт ид явагдаж байлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав Төмөртэй уурхайн дарга Б.Золзаяатай онлайнаар холбогдож ачилтын явц байдлыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт дүрсээр харууллаа. Сайд Ж.Ганбаатар, хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч богино хугацаанд экспортоо эхлүүлж чадсан Дарханы төмөрлөгчүүдэд баяр хүргээд үйл ажиллагаагаа улам илүү эрчимжүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагаанд анхаарлаа хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлагын бүрэлдэхүүн тээвэр, ложистикийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр галт тэрэгний зүтгүүрийн асуудлыг шийдвэрлэж, вагон эргэлтийг нэмэгдүүлэх, вагоны засварыг шуурхай зохион байгуулах тал дээр анхаарч ажиллаж байна.