С.Ганжууржав

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН

САНЖААГИЙН ГАНЖУУРЖАВ

С.Ганжууржав Монгол эх орондоо хар ба өнгөт металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Металлын үйлдвэр байгуулах группийг ахалж ОХУ, Финлянд, Япон, Югослав, Терман, Чех, Польш зэрэг улсуудаар явж Монгол оронд барих төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрлийг тогтоон, эдийн засгийн тооцоог хийж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмжийн иж бүрэн сонголт хийсэн юм.Тэрээр Төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа ажилчдад мэргэжлийн ур чадвар олгох зорилгоор тэднийг ОХУ, Япон, Хятад болон “Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн заводын цутгуурын цехэд дадлага хийлгэж, орон сууц, ахуйн нөхцлийг сайжруулахад анхааран ажиллаж байсны зэрэгцээ үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт анхааран чанарын хяналтын системийг нэвтрүүлж, экспресс шинжилгээг Монголд анх удаа нутагшуулсан юм.

Үүний үрээр тус үйлдвэрийн бүтээгдэхүүн ОХУ, Хятад, Тайвань, Япон зэрэг орнуудад экспортлогдож одоо ISO9000 стандартыг нэвтрүүлсэн. С.Ганжууржав Социализмаас Зах зээлд шилжилтийн хүнд үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Орос , Монгол, Японы өндөр мэргэжлийн хүмүүсийг маш зөв чадварыг зохион байгуулан ажилласнаар энэ том үйлдвэрийг 3 жилд барьж дуусган улсад хүлээлгэн өгсөн юм. С.Ганжууржав тус үйлдвэрийн эзэмшилд байсан Төмөртэй, Төмөр толгой , Хуст -уулын төмрийн хүрдийн ордуудын лицензийг эргүүлэн авах талаар 2012 онд Гааг( Нидерланд улсын ) дахь олон улсын арбиторын шүүхийн хуралд Монгол улсын гол гэрчээр оролцож, зөв тайлбар хийсэн нь уг ордыг Монголын талд Хятадын эзэмшлээс эргүүлэн авахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг салбарынхан нь “Монгол гангийн эцэг” гэж нэрлэдэг.

С.Ганжууржавын хөдөлмөр зүтгэл , ажлын үр дүнг төр засаг, салбарын хамт олон өндрөөр үнэлж “Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан ” цол тэмдэг, “Алтан гадас "одон, “Ардын хувьсгалын 80 жилийн ойн "медаль, “ Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан”, Монголын Металлургичдын холбооны тэргүүний металлургич” “Алтан од” тэмдэг, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус тус шагнажээ.