“Уул уурхай-металлургийн цогцолбор” төсөл

  Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь өөрийн эзэмшлийн Төмөртэйн төмрийн хүдрийн стратегийн ордыг түшиглэн “Уул уурхай-Металлургийн цогцолбор” төслийг 2024-2028 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Уул уурхай-металлургийн цогцолбор” төслийн гол зорилго нь эх орны төмрийн хүдрээс эцсийн шатны ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангахад оршино. 

 

Энэхүү төсөл нь 2 үе шат бүхий дараах 3 дэд төслөөс бүрдэнэ. Үүнд:

  1. Жилд 100,000 тн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай “Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”-ийн төсөл;
  2. Төмөртэйн ордыг түшиглэн жилд 2.3 сая тн төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэж, түүнийг боловсруулан 2.2 сая тн хорголж үйлдвэрлэх хүчин чадалтай “Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр”-ийн төсөл;
  3. Жилд 1.0 сая тн ган бэлдэц, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл;

ТӨСЛИЙН ЗОРИЛГО АЧ ХОЛБОГДОЛ

“Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”-ийн төслийн зорилго нь гангийн үйлдвэрт тулгамдаад байгаа хаягдал төмрийн асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрийн цаашдын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хүчин чадал ашиглалтыг нэмэгдүүлэхэд оршино.
Төмөртэйн ордын “Нойтон баяжуулах, хорголжийн үйлдвэр”-ийн төслийн зорилго нь “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төсөл болон “Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”-ийн төслийг төмрийн хүдрийн гаралтай түүхий эд болох хорголжоор хангахад оршино.
Харин “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийн гол зорилго нь төмрийн хүдрийн гаралтай түүхий эдээс ган бэлдэц, эцсийн шатны ган цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлийг хангахад оршино.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-нд “Дархан” ҮТП-ын хүрээнд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд төслүүд хэрэгжиж эхэлснээр дотоодын тасралтгүй өсөн нэмэгдэж буй барилгын иржгэр болон гөлгөр ган туйван, булан төмөр, швеллер, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, бусад төрлийн ширэм, ган бүтээгдэхүүний болон металл боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр хөгжих боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.

ТӨСЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

“Уул уурхай-металлургийн цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр эх орны төмрийн хүдрээс импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн шатны ган цувимал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын эрэлт хэрэгцээг хангах, бусад жижиг, дунд үйлдвэрлэл кластер хэлбэрээр хөгжих боломж бүрдэх төдийгүй улс, орон нутаг, нийгэмд дараах ач холбогдолтой. Үүнд:

  1. Орон нутагт шинээр шууд болон шууд бус ажлын байр бий болох;
  2. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг нэмэгдүүлэх;
  3. Бусад төрлийн үйлдвэрлэл кластер хэлбэрээр хөгжих;
  4. Барилгын өртөг зардлыг бууруулах, үнэ тогтворжуулахад хувь нэмрийг оруулах;

Төсөл хэрэгжсэнээр шинэ гангийн үйлдвэрлэлийн цогцолборт 2,000 гаруй, Төмөртэйн ордын нойтон баяжуулах үйлдвэр, хорголжийн үйлдвэрт 270 гаруй, мини шууд ангижруулсан төмрийн үйлдвэрт 80 гаруй шууд ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарсан бөгөөд шинэ үйлдвэрийн ажиллах хүчин бэлтгэх асуудлыг төрийн боловсролын байгууллагын дэмжлэг, оролцоотойгоор шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн шууд ажлын байрнаас гадна төслийн бүтээн байгуулалт болон төсөл хэрэгжсэний дараагийн үеийн туслан гүйцэтгэл, ханган нийлүүлэлт зэрэгтэй холбоотой шууд бус ажлын байрууд ихээхэн нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
Төмрийн хүдрийг эрдэс баялгийн боловсруулалтын бүхий л шат дамжлагаар оруулж боловсруулдаг болсноор импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн улс, орон нутагт төвлөрүүлэх татварын орлогыг үлэмж нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулахад үнэтэй хувь нэмрийг оруулна.

Шинэ гангийн үйлдвэрлэлийн цогцолборыг дагаж бусад жижиг, дунд үйлдвэрүүдийн кластер хэлбэрээр хөгжих боломж бүрдэх бөгөөд эдгээр үйлдвэрт ширмэн цутгуурын үйлдвэр, төмөр утсан хийц (хадаас, тор, хашаа г.м) металл боловсруулах, зормол эд анги, давтмал эд анги хийх үйлдвэр, боловсруулсан шаарыг авто зам ба цементийн үйлдвэрт ашиглах, гипсэн хавтангийн зэрэг үйлдвэрүүд багтана. Өөрөөр хэлбэл эдгээр төрлийн үйлдвэрлэл дагаж хөгжих боломжтой болно. Мөн барилга ба өндөр хүчдэлийн тулгуурын металл хийцийн үйлдвэрүүд ч хөгжих боломжтой.
Төслийн бас нэг чухал зорилт нь ижил төстэй импортын ган бүтээгдэхүүнээс илүү хямд өртөг зардлаар эцсийн ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж, барилгын нэгж өртөг зардлыг бууруулахад хувь нэмрийг оруулах явдал юм.

Хөгжлийн стратеги