25 4-р сар, 25

ГАНГИЙН ЦОГЦ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЯПОНЫ ТУРШЛАГА, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАНА

AdminМэдээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжих ган үйлдвэрлэлийн цогцолборын төслийн ажлын хүрээнд Япон улсад албан томилолтоор ажиллаж, тус улсын гангийн үйлдвэрлэлийн тэргүүлэх компаниудын туршлагатай танилцан, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалтууд зохион байгууллаа.

Томилолтын зорилго нь Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гангийн цогцолбор” төслийг Япон улсын дэвшилтэт технологи, зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг татах боломжийг судлахад чиглэж байна.

Энэ хүрээнд Японы Парламентын гишүүн ноён Хироши Кэнтэй албан уулзалт хийж, төслийн хөрөнгө оруулалт, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Уулзалтын үеэр ноён Хироши Кэн Дарханы Төмөрлөгийн Үйлдвэртэй хамтран ажиллаж байсан туршлагаа дурдаад, тухайн үед үйлдвэрийн шинэчлэлийн чиглэлээр судалгааны ажил хийж, үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцаж байсан гэдгээ онцолсон юм.