21 4-р сар, 25

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК “MONGOLIA MINING 2025” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

AdminМэдээ

Монгол Улсын уул уурхайн салбарын нэр хүндтэй арга хэмжээ болох “Mongolia Mining 2025” олон улсын үзэсгэлэн Улаанбаатар хотноо 14 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК оролцож, компанийн үйл ажиллагаа, хөгжлийн бодлого болон шинээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ танилцуулж байна.

Үзэсгэлэнгийн хүрээнд тус компани нь B2B уулзалтуудад оролцож, салбарын дотоод, гадаадын түнш байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцож байна. Энэ нь компанийн олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтын орчныг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Дэд бүтэц, борлуулалтын газрын дарга Э.Баттогтох үзэсгэлэнгийн үеэр илтгэл тавьж, компанийн стратегийн тэргүүлэх төсөл болох “Ган үйлдвэрлэлийн цогцолбор” төслийг олон улсын хөрөнгө оруулагчид болон хамтрагч талуудад дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү төсөл нь Монгол Улсад гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэрийн суурь бүтцийг бэхжүүлэх зорилготой юм.

“Mongolia Mining 2025” үзэсгэлэн нь уул уурхайн салбарын бодит хөгжил, дэвшилтэт техник, технологийг харуулахын зэрэгцээ үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлүүдийг бий болгох үнэ цэнтэй талбар болж байна.