Холбоо барих утас: 7555-0011, 99557401 | Факс: 7555-0011 | И-мэйл: hrm@dmp.mn

Мэдэгдэл

2021-06-03 Сүүлийн үед компанийн үйл ажиллагаатай холбоотой гүтгэлэг, ташаа, үндэслэлгүй мэдээлэл цахим мэдээллийн сүлжээнд нийтлэгдэж, олон нийтийн дунд төөргөдөл бий болгож, компанийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. Монголдоо ганц 1993 онд ашиглалтанд орсон ганийн үйлдвэрийг манай ажилчид, инженерүүд өнөөг хүртэл 28 дахь жилдээ ажиллуулж байгаа бөгөөд зайлшгүй хийгдэх техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж, үе үеийн түүхий эдийн болон бүтээгдэхүүний зах зээлийн өөр өөр нөхцөл байдалд үйлдвэрээ гэсэн сэтгэлээр хандан ажиллаж ирсэн юм. Дэлхий даяр тархсан цар тахлын хүнд цаг үед өмнөө тулгарч буй сорилтуудыг даван туулж төр, засгаас гаргаж буй шийдвэрийг даган, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн уул уурхайн болон ган үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн үргэлжилж байна. 2020 оноос Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд манай компани халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, эх орны хэрэглэгчдэд нэн хэрэгцээтэй байгаа ган бүтээгдэхүүн, арматурыг үйлдвэрлэн нийлүүлэх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан тасралтгүй ажиллаж ирлээ. Хэдийгээр цар тахлаас шалтгаалсан хөл хорио 2020 оны 12 сар, 2021 оны 1, 2 сарын үйл ажиллагааг хэсэгчлэн хязгаарласан ч үйлдвэрлэлийн бэлтгэлийг хангаж 2021 оны 3-р сараас арматурын үйлдвэрлэлийг явуулж 2021 оны 5 сарын 31-ний байдлаар нийт 17,874 тн цувимал бүтээгдэхүүн, үүнээс 14,540 тн барилгын арматурийг дотоодын зах зээлд борлуулаад байна. Энэ оны үлдэж буй хугацаанд манай хамт олон барилгын салбарын хэрэгцээт арматурыг тасралтгүй үйлдвэрлэн дотоодын зах зээлд 35,000 тн-ыг нийлүүлэхээр чармайн ажиллаж байна. Цар тахлын болон эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бид аливаа саад бэрхшээлийг сөрөн ажиллаж ажилчидаа цомхотгохгүйгээр ажлын байрыг хадгалан, тасралтгүй ажлаар ханган, үйл ажиллагаагаа тэлэх болон бүтээмжийг сайжруулах зохион байгуулалтууд хийж, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлсэнээр гүйцэтгэлийн болон жилийн ажлын үр дүнгийн шагналуудыг олгож, цалингаа дунджаар 10 хувиар нэмэгдүүлсэн юм. Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ гэсэн компаний эрхэм зорилгодоо хүрэх төлөвлсөн ажлууд амжилттай хэрэгжиж байна. Эх орны төмрийн хүдрээс ган үйлдвэрлэх техник технологийн олон судалгааны ажлууд, инженерийн тооцоон дээр үндэслэн технологийн сонголт хийгдэж Уул уурхай хар төмөрлөгийн цогцолбор болох “Монгол Ган Цогцолбор – 1” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажил дууссан бөгөөд мэргэжлийн байгууллагаар 2021 оны 7-р сард баталгаажуулан, бүтээн байгуулалтын ажлуудыг 2021-2022 онд эхлүүлэхээр төлөвлөж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн талаар аливаа гүтгэлэг, худал ташаа, үндэслэлгүй мэдээлэлийг олон нийтэд түгээж, нийтлэхийг зогсоох, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн үйл ажиллагааны талаархи бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас буюу манай компанид хандаж авч түгээхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна. Цаашид үндэслэлгүй мэдээлэл түгээн нийтлэх үйл ажиллагаа үргэлжилбэл хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандахаа мэдэгдэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК
Дээшлэх Тайлбар